1980-аад онд Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн үүсэн, энэ нь улмаар социалист системийн ихэнх орнуудад ардчилал, зах зээлийн замд орох үүд хаалгыг нь нээсэн билээ. Улс төр, нийгмийн олон өөрчлөлтийг үзэж өнгөрүүлсэн Польш улсад цаг хугацаа өнгөрөхийн эрхээр экс-коммунистууд болон ардчилагчдынх нь аль аль нь иргэд, олон нийтийнхээ урмыг хугалж, дэмжлэгийг нь хүлээхээ болив. Тэдний оронд иргэний баримжаатай улс төрийн шинэ хүчнүүд үүсэн бий боллоо. Дан дангаараа оршин тогтнох аргагүй болсон Польшийн экс-коммунистууд болон Ардчилсан Намынхан нь 2006 онд нэгдэн Зүүнийхэн ба Ардчилагчид (польшоор Lewica i Demokraci) гэсэн улс төрийн хамтарсан хүчинг бий болгожээ. Харин Монголд ийм зүйл тохиолдох болов уу? Өнгөрсөн дөрвөн жил МАХН ба АН-ын хувьд “үр бүтээлтэй хамтын ажиллагааны” жилүүд байлаа. Ерөнхийлөгчийн сонгууль, 62-ын бүлэг, 65-р тойргийн бэлэг, гурван казиночны өмгөөлөл зэрэг тэдний олон эмзэг сэдвийг нь дахин хөндөж зовоохоо больё. Харин энэ хоёр намд сүүлийн үед болж буй үйл явдал, сонгуульд хэрхэн оролцох нь илүү сонин сэдэв юм. МАХН-ын “төгөлдөршил” Одоогоор дэлхийн гурван улсад л Ардын Хувьсгалт Нам үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь Этиоп, Лаос, Монгол гурав. 1972 онд байгуулагдахдаа МАХН-ыг дуурайж намаа нэрлэсэн Этиопийн АХН бий болсон цагаасаа л террорист үйл ажиллагаа явуулан, иргэний дайн өдөөж байгаад 1977 онд бараг тарсан. Одоо зөвхөн цөөн тооны үлдэгдэл хэсэг нь энэ намыг авч яваа. Удаан хугацааны дайн самууны хөлд үрэгдэн, авлига хээл хахуульд хэт идэгдсэн Африк тивийн Этиоп улс өнөөдөр дэлхийн хамгийн ядуу буурай арван орны нэг байгаа. Ази тивд ч мөн адил ЛАХН, МАХН-аар удирдуулсан Лаос, Монгол хоёр хөгжлөөрөө нэг их гавьсангүй. Улс, орнуудын хөгжлийг олон янзын шалгуураар дүгнэж болох боловч НҮБ-аас жил бүр гаргадаг Хүний Хөгжлийн Индекс нь хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 2007 оны сүүлчээр гарч, 177 улсыг багтаасан жагсаалтанд Лаос 130-д, Монгол 114-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Лаос, Монгол хоёр Балба, Бангладешийн хамтаар Азийн хамгийн ядуу буурай арван орны тоонд явж л байна. Тэгэхээр Ардын Хувьсгалт гэдэг нэр XXI зууны улс төрийн намд хэтэрхий хоцрогдож, энэ нам улс орны хөгжлийг хойш нь чангаагч хүч болжээ. Ардчилсан Социалист Залуучууд, Эмэгтэйчүүд, Оюутнууд зэргээс нь харахад Ху намыг Монголын Ардчилсан Социалист Нам (МАСН) гэсэн нэртэй гэж бодохоор болж. Ядаж ингээд нэрлэчихвэл Монгол орон Этиоп, Лаос хоёрыг хөгжлөөрөө хаяж эхэлж юуны магад. 2007 оны сүүлчээр С.Баяр гэдэг хүн МАХН-ын дарга болж, улмаар бас ерөнхий сайд болох хүсэлтээ илэрхийлэхэд нь нам нь болон УИХ хүлээн авч томилсон билээ. Тэрээр ажлаа авсныхаа дараа л баахан “төгөлдөршүүлэх” юм ярьж эхэлсэн боловч бүтэж байгаа нь нэн ховор. Угаасаа энэ “төгөлдөршил” гэгч нь өөрийнх нь амалсан МАХН-ыг сонгуульд ялуулах төлөвлөгөө бололтой. МАХН-ын удирдлага сүүлийн найман жилд авилга, луйврын гэмт хэрэгт хэтэрхий их нэр холбогдсон учир иргэд, олон нийтийн дунд энэ намд итгэх итгэл тун бага байгаа. Харин Ху Нам энэ “Сделано в России” (в СССР гэвэл илүү тохирч ч магад) шошготой “Баярби” хүүхэлдэйгээ үзүүлэн болгож сонгуульд оролцох эцсийн мэхэндээ л найдаж байна. Гэхдээ энэ нам одоо байгаа бүтэц, бүрэлдэхүүн, арга барилаараа үргэлжлүүлэн төр, засгийн эрхэнд үлдвэл Монгол орныг хэрсэн авлигын сүлжээ мөд тасрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Монголын “шилдгийн шилдэг ултөрч”-өөр шалгарсан С.Баяр дарга юуны өмнө МАХН-аа л “төгөлдөршүүлчихвэл” Монгол орон одоо байгаагаасаа хэд дахин илүү “төгөлдөрших” нь дамжиггүй. АН-ын “шинэчлэл” 2004-2008 оны парламентын эхний жил хагаст нь гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн АН үлдсэн хугацаанд нь “сөрдөггүй сөрөг хүчний” үүрэг гүйцэтгэв. Сонгуулийн өмнөх 2007 он АН-ын хувьд “шинэчлэлийн” жил болж өмнөх 16 жил ярьж, тэмцэж ирсэн бодлого, зорилгоо эрс өөрчлөв. Хатуу гишүүнчлэлийн араас хэт хөөцөлдөн “америк” шувууны зурагтай намынхаа батлахыг 140 мянган хүнд тараасан гэж байгаа нь энэ нам улам коммунист хэв шинж рүү орж байгааг илэрхийлнэ. Мөн сонгуульд зориулсан пиараа “Ардын элч” киноны дүрүүдээр хийлгэж, өнгөрсөн намаржингаа телевизийн сувгуудаар цацав. МАХН-ын үнэнч гишүүн Дарьбазар, Ариунаа хоёр гэр бүлээрээ АН-д орсон гэж ойлгуулахыг зорьсон боловч тэрэнд нь хүмүүс нэг л итгэж өгсөнгүй. Харин Дүлзэнг АН-д элсчихэж гэж бодоод өнгөрөв. Нийслэлийн ИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгуулийн үеэр АН рейтингээ суга өсгөх боломжийг алдав. 2004 онд НИТХ-д сонгогдсон МАХН-ын гишүүн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тул энэ тойрогт нөхөн сонгууль явуулах болсон билээ. Харин одоо гэв гэнэт ёс суртахуун ярьж эхлээд байгаа МАХН энэхүү нөхөн сонгуульд дараагийн хүнээ ёс суртахууны байж болох бүхий л хэм хэмжээг зөрчин нэр дэвшүүлэв. АН-ын зүгээс парламентад хамгийн олон суудалтай хоёр дахь намын хувьд энэхүү увайгүй үйлдлийн эсрэг бойкот хийж МАХН-ыг “нүдний булай” болгохын оронд, харин нэр дэвшигчээ мөнгөөр зодож гаргах тактик хэрэглэв. Сонгуулийн дүн гарахад АН-ын нэр дэвшигч МАХН-аас нэр дэвшсэн хэний ч таньдаггүй фэнгшүгийн билүү, бясалгалын билүү багш хүүхэнд “далаараа цэвэр тавиулах” шахав. АН-ынхан сонгуулийн өмнө болж буй нөхөн сонгуульд ялбал ирэх сонгуулийн өнгийг тодорхойлдог гэсэн хуучинсаг сэтгэлгээгээр асуудалд хандсан нь том алдаа болж, С.Баяраас хэдэн сарын өмнө ёс суртахуун ярьж эхлэх боломжоо алдан, харин ч мөнгө, хахууль үнэртүүлсэн муу муухай бүхний ялагчаар тодров. Энэхүү үйл явдлын дараа нийгэм тэр чигээрээ сонгуулийн системийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсныг мэдэрч байв. Мөнгөний сонгуулийг хязгаарлах зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд сонгуулийг пропорциональ системээр явуулах хуулийн төслийг өргөн барив. Харин АН-ын дарга нар пропорциональ систем бол “дээд тоо”, иргэд та нар үүнийг ойлгохгүй гэсээр улайран эсэргүүцэв. Дэлхийн ардчилсан засаглалтай ихэнх оронд хэрэглэдэг энэхүү сонгуулийн тогтолцоог монголчууд бидний “оюун ухаан нь хүрэхгүй” гэж АН нь үзсэн учраас авч хэрэглэх боломжгүй боллоо. Ийнхүү АН-ын хорь, гучаадхан феодалаас болж Монголын ардчилал бүтэн дөрвөн жилээр гацаж, сонгуулийг мөнгөний өрсөлдөөн чигээр нь үлдээв. АН-ын дарга нар дотроо олон бүлэглэл, фракцад хуваагдан, тэдгээр нь өөрсдийнхөө намдаа гэхээсээ илүүтэйгээр МАХН-ын Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баяр нарт түлхүү үйлчилнэ. Харин Монголын шинэ үеийн ардчилагчдын төлөөлөл болсон иргэний хөдөлгөөнүүдийг дэмжиж, хамтран ажиллах сонирхолтой бүлэг, фракц одоо болтол үүсээгүй байна. Тэр битгий хэл АН-ын хамгийн хуучинсаг хэсэг нь коммунистуудын урдуур салгалж ороод иргэний хөдөлгөөнүүд рүү дайрах оролдлого хийж байгаа нь даанч санаа зовмоор… Өөрсдөөсөө бусдыг үл хүлээн зөвшөөрөх нь жинхэнэ коммунист араншин юм. АН-ын дарга нарын бусдаас зээлэн авдаг үзэл бодол, үг хэллэгийнх нь нэг болох “зөв бодлого” гээчийг сурталчилж эхлэхэд, түүнийг нь дэмжсэн ч яахав гэсэн бодолтой хүмүүс мэр сэр байлаа. Гэтэл “зөв бодлого” гэж чухам юуг хэлээд байгааг нь хэн ч ухаж ойлгосонгүй. Учир нь энэ намынхны хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг нь хоорондоо огт авцалдаагүй, эсрэг тэсрэг болжээ. Нэг хэсэг нь сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмжин хуулийн төсөл барьж гүйлдэнэ, нөгөө хэсэг нь тэднийгээ загнаж зандран болиулчихна. Нэг хэсэг нь “УИХ-ын гишүүд тойрогтоо 250 сая төгрөг авах нь ард түмний мөнгөнөөс хулгайлж байгаа хэрэг” гэж мэдэгдэнэ, нөгөө хэсэг нь “Угаасаа хулгай хийх гэж Их Хуралд орсон юм чинь заавал авна” гэж гүрийнэ. Нэг хэсэг нь “Иргэд та нар эх орныхоо эзэн нь шүү” гэж ухуулна, харин нөгөө хэсэг нь “МАХН, манай нам хоёр л энэ улсыг дахиад аравхан жил эзэмшмээр байна” гэнэ. Энэ бүхний эцэст аль нь зөв, аль нь буруу нь тодорхойгүй энэ олон бодлогыг ойлгох гэж цагаа үрж байснаас ор тас мартаж орхисон нь дээр бололтой. Ардчилсан гэдэг нэртэй намаас хүмүүс ардчиллыг л хүлээж байгаа. Польшийн сонгууль, Монголын сонгууль … 2007 оны 10-р сард Польшийн парламентын ээлжит бус сонгууль болж Иргэний платформ 42 %-ийн саналаар ялж, Хууль ба шударга ёс нам 32 %-ийн саналаар аман хүзүүдэв. Харин мөнөөх экс-коммунистууд болон Ардчилсан намынхны хамтран байгуулсан Зүүнийхэн ба Ардчилагчид 13 %-ийн санал авч гуравдугаарт оржээ. Ийнхүү энэ сонгууль Польшийн шинэ үеийн ардчилагчдын ялалтаар өндөрлөлөө. Одоо Польш улс хөгжил, дэвшлийнхээ замаар хурдалж, авилга, ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн олон асуудал нь шийдэгдэн, цэгцэрч эхэллээ. Монголд ч удахгүй болох сонгуулийн нүргээн одооноос дуулдаж байна. Сонгууль дөхөхөөр янз бүрийн арга, ид шидтэй “зөн билгийн тулаанчид” идэвхжиж эхлэх юм. Хамгийн түрүүн АН ялна гэж хэн нэг нь айлдсанаар “Манай нам ирэх сонгуульд ялах гэж байгаа нам” гэж хэсэг нөхөд хот, хөдөөгөөр нэг ухуулан албан тушаалд нугасгүй хэсэг хүмүүсийн цөсийг хөөргөв. Дараа нь АН, МАХН хоёр сонгуулиар адилхан 23, 23-н суудал авна гэж өөр нэг нь айлдав. Харин гурав дахь нь болохоор 22 авилгачин Ганц руу ачигдана гэж хэлэнгүүт зарим нэг аминдаа арчаатай яам, агентлагын дарга нарын дунд сонгуулиас өмнө амжиж сайн дураараа ажлаа өгөх “моод” дэлгэрэв. Бүр хамгийн шилдэг зөн билэгчин нь “Дараагийн 76”-н гишүүнийг нэгбүрчлэн нэрлэж, түүгээрээ Цагаан сарын үеэр хошин шогийн шоу хийн багагүй мөнгө олов. Харин зөн билгийн мэдрэмж нь төдийлөн сайн хөгжөөгүй жирийн иргэд бид шинжлэх ухааны аргаар хийсэн судалгаанд л итгэхээс өөр аргагүй. МУИС-ын Социологийн тэнхимээс хийсэн судалгаагаар монголчуудын дөнгөж тал хүрэхгүй хувь нь МАХН ба АН-ыг дэмжиж байна. Харин нөгөө тал нь өөр нам, хөдөлгөөн, бие даагчдад саналаа өгнө, эсвэл сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ. Хүссэн ч, эс хүссэн ч 2008 оны сонгуулийн гол сэдэв авилга байх болно. Тэрнээс биш энэ олон болсон болоогүй хөгжүүлнэ, харж үзнэ, мөнгө тараана гэсэн амлалтуудад сонгогчид нэг их итгэхгүй болов уу. Ардчиллаас хойш бүтэн 18 жил өнгөрчихөөд байхад Монгол улс хөгжвөл хөгжихөөр их хугацаа өнгөрлөө. Угаасаа хөгжил гэдгийг ямар нэгэн “зөв дарга”, “зөв төр”, “зөв нам” авчирдаг юм биш. Харин төр болон намуудын үүрэг бол хөгжилд садаа болж байгаа хүчин зүйлсийг л арилгах явдал юм. Тэгэхээр 2008 оны сонгууль монголчуудын хувьд “Төрөөсөө авилгачдыг зайлуулах” сонгууль болно. Ийм учраас энэ сонгуульд МАХН “Бид дахиж хэзээ ч хулгай хийхгүй!”, харин АН “Бид дахиж хэзээ ч хулгайч нартай найзлахгүй!” гэсэн уриатай орж, үүнийгээ сонгогчдод итгүүлж чадсан цагт л амжилт олно. Монгол түмний сонголт мэргэн байх болтугай!
Зүүнийхэн ба Ардчилагчид
Advertisement